Унших хамгийн бага хугацаа
Өөрсдийгөө таниулан ажиллаж байгаа Содоо, Нинжин
“Миний хувьд ажил амьдралынхаа замналыг эргэн харвал энэ нь хувь хүнийхээ хувьд ч тэр, ажил мэргэжлийн хувьд ч суралцах, өсөж хөгжих аялал байсан. Ажлын хамт олон дэмжлэг үзүүлдэг, түүнчлэн инноваци болон байнгын сайжруулалт хийхийг дэмждэг орчинд ажиллах нь миний хувьд хийж байгаа ажилдаа дуртай байх нэг шалтгаан болдог. Цаашид олон ч сонирхолтой боломж гарч ирнэ гэдэгт би итгэдэг”.
Тийссийн үйл ажиллагааны нийт бүс нутгийн хүрээнд эрхэлж буй албан тушаал, ажил мэргэжлийн туршлагын хувьд ялгаатай эмэгтэйчүүдийн оролцоо өсөн нэмэгдэж байгаа бөгөөд тэд ч өөрсдийгөө таниулан ажилласаар байна.
Энэ сард бид, Монгол дахь салбарт ажилладаг Нинжин, Содоо нарыг онцлон танилцуулж байна. Содоо найм дахь жилдээ Тийсс компанид ажиллаж байгаа бол Нинжин 2023 оны 4-р сараас Тийсс компанид ажиллаж эхэлсэн юм.
Содоотой танилцацгаая
Ухаа Худаг уурхайд Засвар үйлчилгээний төлөвлөлтийн ахлах мэргэжилтнээр ажилладаг Содоо их сургуулиа төгсөөд Тийсс компанид техникийн орчуулагчаар ажлын гараагаа эхлүүлж байсан бөгөөд түүнийг ур чадвараа хөгжүүлэх, ажил мэргэжлээрээ өсөж хөгжихөд нь Тийсс компани үргэлж дэмжлэг үзүүлсээр ирсэн.
Өнгөрсөн 8 жилийн хугацаанд тэрээр өөрийн хичээл зүтгэл, хамт олны дэмжлэгтэйгээр ажил мэргэжлээрээ өсөж, хөгжсөөр өнөөдрийн түвшинд хүрч чадсан. Содоо хэлэхдээ: “Төлөвлөлтийн ахлах мэргэжилтнээр ажиллах нь сурсан мэдлэг, хуримтлуулсан туршлагаа шинэлэг арга барилаар хэрэгжүүлэх, стратеги төлөвлөлт, төслийн менежментэд ихээхэн хувь нэмэр оруулах боломжийг олгосон. Би Ухаа Худаг, Оюу Толгой төслүүдэд ажилласан бөгөөд тус хоёр төсөлд ажиллах нь заримдаа бэрхшээлтэй тулгардаг байсан хэдий ч суралцах, хөгжих боломжийг олгосон” гэв.
Өнөөдрийн түвшинд хүрсэн тухайгаа дурсахдаа тэрээр Тийсс компани дэмжлэг үзүүлж, сургалтад хамруулж, боломж олгосоор ирсэнд үргэлж талархаж явдгаа илэрхийлсэн юм. Содоо хэлэхдээ: “орчуулагчаас төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн болтлоо өсөж дэвшсэн ажил мэргэжлийн замналаа эргэн харвал миний хувьд энэ нь үргэлж суралцах, өсөж хөгжих аялал байсан төдийгүй сурч, хөгжих нь хувь хүнийхээ хувьд ч тэр, ажил мэргэжлийнхээ хувьд ч хөдөлгөгч хүч байсаар ирсэн. Ажлын хамт олон дэмжлэг үзүүлдэг, түүнчлэн инноваци болон байнгын сайжруулалт хийхийг дэмждэг орчинд ажиллах нь миний хувьд хийж байгаа ажилдаа дуртай байх нэг шалтгаан болдог. Цаашид олон ч сонирхолтой боломж гарч ирнэ гэдэгт би итгэдэг” гэв.
Нинжинтэй танилцацгаая
OT гүний уурхайд автобусны жолоочоор ажилладаг Нинжин хүүхэд байхын л жолооны ард суух дуртай байсан юм. “Би 12-той байхаасаа эхлэн аавынхаа машиныг гудамжинд унаж давхидаг байлаа. Ер нь олон жилийн турш машин техник сонирхож байгаа гэж хэлж болно!” хэмээн тэрээр хошигнон хэлсэн юм.
Механик сэтгэлгээтэй, машин техник сайн барьдаг хүмүүсийг хараад “Би яг л ийм хүн болно доо” гэж үргэлж боддог байсан. Тэр ч хүслээрээ одоо энэ компанидаа олон техникийн ур чадварыг эзэмшээд явж байгаадаа баяртай байдаг.
Ур чадвараа хөгжүүлэхээс гадна багийн соёл нь түүнд маш их таалагддаг. Нинжин хэлэхдээ “Тийсс компанийн хамт олон нь найрсаг, ажилтнуудынхаа дуу хоолойг сонсдог, хүнээ хамгийн түрүүнд тавьдаг гэсэн яриа олны дунд байдаг билээ. Анкет бөглөснөөс хойш удалгүй ажлын ярилцлагад орж ажилд орох санал тавихад нь татгалзах зүйлгүй шууд орсон минь хамгийн зөв сонголт байсан”-ыг онцолсон юм.
Тэрээр нийтэч, хамт олондоо үнэлэгдсэн нэгэн бөгөөд түүний ажлын ёс зүй, ажилдаа хандах эерэг хандлагыг дурдахгүй байхын аргагүй юм. Тийсс компанид ажиллаж эхлээд удаагүй байгаа хэдий ч хичээл зүтгэлээ үнэлүүлэн “Сарын шилдэг ажилтан”-р нэг удаа шалгарч “Оюу Толгой” компаниас өргөмжлөл, хүрэл зоосоор шагнуулж байв. “Би баг хамт олондоо үнэхээр хайртай, тэдэнтэйгээ ажиллах дуртай. ‘Улаан баг’-т супервайзор Бүрэнтөгөлдөр болон таван ахлах ажилтнуудын удирдлага дор нэг баг болон хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг”.